Тина Төрнерийн хөшөөг төрөлх хотод нь босголоо
2023 онд 83 настайдаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн алдарт дуучин Тина Төрнерийн хөшөөг АНУ-ын Теннесси муж дахь төрөлх Браунсвилл хотод нь босголоо. Хөшөөг уран барималч Фрэд Ажанога бүтээж, өнгөрөгч ням гарагт буюу Т.Төрнерийн өвийн өдрийн арга хэмжээний нэг хэсэг болгон, дуучны багадаа сурч байсан Карвэр ахлах сургуулийн өмнө босгожээ. Ф.Ажанога микрофон барин, тайзан дээр дуулж буй Т.Төрнерийг хүрлээр урласан бөгөөд өндөр нь суурьтайгаа нийлээд гурван метр болсон байна. Энэ хөшөөг барихад "Ford Motor" компани тэргүүтэй 50 хандивлагчаас нийтдээ 150 мянган долларын хандив өргөсөн гэнэ. Т.Төрнерт зориулан АНУ-д босгосон анхны хөшөө энэ болж байгаа бөгөөд үүний өмнө Албани улсын Дюрэс хотын усан боомтын талбайд Жон Лэннон, Боб Дилан, Мик Жэггер нарынхтай хамтатган түүний хүрэл хөшөөг босгосон юм. Теннесси мужийн Браунсвилл хотод 1939 онд төрсөн Тина Төрнер дуучны замналын 60 шахам жилийнхээ хугацаанд "Grammy" шагналыг 12 удаа авч "Рок-н-роллын хатан хаан" хэмээн алдаршсан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







